Технологи

Веб сайт ба түүний бүрдэл

Веб сайт ба түүний бүрдэл

Нийтэлсэн : Admin
Веб сайт (Англи. Website) гэдэг нь хүмүүст харуулахаар бэлдсэн мэдээллийг агуулсан файлууд юм. Яг л тооцоолуур дээр бичиг баримтын файл байдаг шиг. Гэхдээ веб дээр харуулах зорилгоор хийгдсэн арай жаахан өөр файлууд. Хэрэв та веб сайттай болох гэж байгаа бол юуны өмнө веб сайтаа ямар нэгэн програм ашиглаж бүтээнэ. HTML, javascript, CSS, PHP зэрэг ер нь ямар ч технологи ашигласан бай веб хэмээх файлууд байна. Түүнийгээ серверт байрлуулах хэрэгтэй.

Вэб сайт нь интернет сүлжээнд байрласан хоорондоо холбоотой вэб хуудаснуудын нийлбэр юм. Тэгвэл вэб хуудас (Web page) гэдэг нь World Wide Web стандартын дагуу хэрэглэгчийн компьютерийн дэлгэцэнд вэб хөтчийн тусламжтайгаар харагддаг бичиг баримт эсвэл төрөл бүрийн мэдээллийн нөөц юм. Вэб сайтын хуудсууд нь үндсэн хуудсаас дуудсан URL( Uniform Resource Locator ) – ын тусламжтайгаар бусад хуудасруугаа хялбархан хандаж чаддаг. 1989 онд Женев дахь физикийн CERN лабораторид Английн инженер Tim Berners-Lee гэдэг хүн анх вэбийг бүтээжээ.

Статик (Static) вэб сайт
Статик вэб сайт гэдэг нь өөрчлөлтгүй, идэвхгүй гэсэн утгыг илэрхийлж болохуйц бүх хэрэглэгчдэд нэгэн хэвийн мэдээлэл харуулдаг сайтууд юм. Өөрөөр хэлбэл статик сайтууд нь хэрэглэгч эсвэл үйлчлүүлэгчдэд үзүүлэх цаасан дээр хэвлэсэн мэдээлэлтэй адил тодорхой хугацаанд тогтвортой мэдээлэл хүргэх зорилготой сайт юм. Ийм төрлийн сайтууд нь ихэвчлэн Hypertext Markup Language (HTML) дээр програмчлагдсан байдаг. Хэрэглэгч өөрөө орж мэдээллийг засах, өөрчлөх, шинэчлэх зэрэг үйлдлүүдийг хийх хэрэгтэй болдог.

Динамик (Dynamic) вэб сайт
Динамик вэб сайт гэдэг бол хуудсанд агуулагдаж буй мэдээллүүд байнгын хурдан давтамжтай өөрчлөгдөж байдаг сайт юм. Динамик вэб сайтууд нь хоёр төрлийн динамик ажиллагаанаас бүрддэг. Энэ нь код болон контент ( агуулга ) бөгөөд динамик код нь хэрэглэгчид харагдахгүй бол харин динамик контент нь дэлгэцэнд харагдаж байдаг. Динамик вэб сайтын үндсэн зорилго нь автоматжуулалт юм. Өөрөөр хэлбэл динамик сайт нь илүү үр дүнтэй, ашигтай үйлдлүүд хийж чадахаас гадна, шинэчлэх, өргөжүүлэхэд хялбар үр дүнтэй байдаг.

Сервер гэж юу вэ?
Сервер гэдэг нь интернетэд холбогдсон компьютер юм. Интернет дэх нэг тооцоолуур буюу сервер нь тусгай серверийн програм хангамж ажиллаж байдаг. Серверийг интернетээс олохын тулд тэр серверийн IP хаягийг мэдэх хэрэгтэй. Серверийн хувьд байнга ижил IP хаягтай байх нь тохиромжтой байдаг. Тийм солигддоггүй IP хаягийг Dedicated IP хаяг гэж хэлдэг. Public IP гэсэн ойлголт бий. Энэ нь интернетэд холбогдож буй төхөөрөмжийн IP хаяг юм. Мөн public гэдгийн эсрэгээр Local IP гэж бий. Энэ нь зөвхөн дотоод сүлжээн дэх төхөөрөмжийн IP хаяг юм. NAT технологийг ашиглаад олон компьютерыг нэг public IP хаягтайгаар интернетэд холбодог. Local IP хаяг бол зөвхөн тэр дотоод сүлжээн дотор л ашиглагдана. Тиймээс ийм NAT-тай тохиолдолд тэр сүлжээн дэх аль нэг тооцоолуур дээр сервер ажиллуулсан тохиолдолд port forward зэрэг чиглүүлсэн тохиргоо хийж өгөөгүй бол шууд Public IP хаягаар аль нэг тооцоолуурт шууд хандах боломжгүй байдаг. Dynamic IP гэсэн Dedicated IP хаягийн эсрэг ойлголт бас бий. Энэ бол интернетэд холбогдох бүрт IP хаяг солигдож байхыг хэлдэг. Бараг бүх DSL холболтууд ийм динамик аипи хаягтай байдаг. Ийм интернет холболттой тохиолдолд та тооцоолуур дээрээ сервер байрлууллаа гэхэд тэр серверийг интернетээс олж хандах хаяг нь байнга солигдох тул бас л серверт тохиромжгүй юм. Гэхдээ үүнийг шийдэж өгдөг Dynamic DNS үйлчилгээнүүд интернетэд байдаг. Мөн үүнтэй холбоотой DNS буюу домэйн нэрийн серверүүд гэсэн ойлголтыг бас ажиллах зарчмыг ойлгох хэрэгтэй болно. Нэрийн серверүүд гэдэг нь домэйн нэрийг бичээд хүн хандах үед хэрэглэгчийн веб хөтөч (IE, Firefox г.м)-д серверийн IP хаягийг хэлж өгдөг серверүүд юм. Тэгэхээр та домэйн нэртэй бол түүндээ өөрийн IP хаягийг DNS record гэгч зүйлээр тохируулж зааж өгдөг. Үүнийг нэрийн серверүүд бүртгэж авснаар интернетийн аль нэг өнцгөөс хэн нэгэн хүн домэйн нэрээр нэвтрэхийг хүсэхэд хүсэлтийн дагуу IP хаягийг хэлж өгч, тухайн хүний тооцоолуур тэр IP хаягаар нь серверт холбогддог. Мөн тэр серверт холбогдох үед сервер асаалттай байх хэрэгтэй гэсэн үг.
Тэгэхээр та веб сайт хийгээд, ямар нэгэн сервер дээр байрлуулсан гэж бодъё. Тэгэхээр 24 цагийн турш дэлхийн аль ч өнцгөөс хэн нэгэн хүн хандахад веб тань ажиллаж байхын тулд сервер тань үргэлж асаалттай байх хэрэгтэй гэсэн үг. Онолын хувьд бол Private public IP (NAT-гүй буюу ганцаараа 1 public IP хаягтай) хаягтай дурын тооцоолуур дээр сервер програм суулгаад сервер болгож болох юм. Гэсэн ч тэр тооцоолуурыг 24 цагийн турш ажиллуулах нь хүндрэлтэй. Мөн динамик аипи ашиглах үед бас найдвартай биш зэрэг олон асуудал байдаг. Тиймээс түүнийг хөнгөвчлөх үүднээс гарсан сервер түрээслүүлэх Web server hosting гэсэн үйлчилгээ байдаг. 

IP хаяг гэж юу вэ?
Интернетэд холбогдсон компьютер бүр өөрийн IP хаяг гэгч тоон хаягтай байдаг. Тэр хаягаараа интернеттэй холбогдож харилцаж байдаг. Интернет дэх олон зуун тооцоолуур дотроос IP хаягаараа ялгарч тооцоолуурууд хоорондоо мэдээлэл дамжуулдаг. Таны веб сайт нэг тооцоолуур дээр байрлаад түүн рүү IP хаягаар хандаад нээж үздэг. 

Домэйн нэр гэж юу вэ?
Веб сайт ажиллуулахын тулд домэйн нэр гэсэн бас нэг ойлголт бий. Домэйн нэр бол веб сайт байрлаж буй серверийн IP хаягийг олох зам заагч ч гэж ойлгож болно. Таны сервер, серверийн IP хаяг солигдсон ч сайт руу тань хүмүүс домэйн нэрээр хандаад холбогдоод байх боломжийг олгодог юм. Бас IP гэх олон оронтой тоог тэр бүр хүн цээжлээд веб сайт руу хандах нь ховор. Үүнийг мөн домэйн нэр шийдэж байгаа юм. Гэхдээ домэйн нэр байхгүй дан сервер дээр ч мэдээллээ байрлуулаад IP хаягаар нээж болно. Тэгэхээр домэйн нэр бол халхавч, зам заагч юм. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Бид домэйн нэрийг түрээсээр эзэмшиж байгаа болохоос тухайн нэрийг өмчлөх боломжгүй байдаг. Тиймээс тухайн домэйн нэрний түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлж байх хэрэгтэй. Хэрвээ та домэйн нэрээ алдвал тэр нэрээр ханддаг байсан бүх хэрэглэгчээ, хайлтын системд илрэх холбоос гээд олон зүйлсийг нэг дор алдах зэрэг харамсаад барахгүй том асуудал гарна гэсэн үг.

Веб хостинг гэж юу вэ?
Энэ нь 24 цагийн турш ажиллаж байдаг Мэдээллийн төв (Data Center) гэгдэх тусгай төвд байрласан олон тооны сервер тооцоолууруудыг интернетээр дамжуулан төлбөр авч түрээслэн энгийн хүмүүст веб сайтаа байрлуулах боломж олгодог үйлчилгээ юм.
Та интернетэд веб сайтaa байрлуулахын тулд 1. Домэйн нэр аваад 2. + Сервер түрээслээд, тэр хоёрыгоо холбоод сервер дээр вебээ байрлуулахад л болох юм. 

Веб хостингийн хувьд Shared, VPS (Virtual Private Server), Dedicated server гэсэн ойлголтууд бий. Үнийн хувьд бас нэлээд зөрүүтэй. Shared болон VPS хостингуудын хувьд нэг тооцоолуурыг олон веб сайтад хуваан түрээслэдэг бол Dedicated хостинг гэдэг нь нэг тооцоолуурыг зөвхөн нэг л түрээслэгчид түрээслүүлнэ гэсэн үг. Харьцангуй өндөр үнэтэй.Shared хостингийн хувьд бага хэмжээний вебүүдэд зориулсан үнэ хямд байдаг.
 

Сэтгэгдэл бичих