Нийтэлсэн : Admin
RFID карт хувилах
Бидний нэрлэж заншсан чиптэй карт буюу RFID технологийг электрон цоож, оффисын хаалга, цахилгаан шат, машины зогсоол, орцны хаалга зэрэгт маш түгээмэл ашиглаж байна. Карт буюу tag-ны тухайд гэвэл хэлбэр хэмжээ өнгө гээд янз бүр байдаг. Миний хувьд гэвэл түлхүүрийн оосор шиг хэлбэртэй нь зүгээр санагдсан. Учир нь хугарч гэмтээд байхгүйн дээр түлхүүртэй хамт учир энд тэнд мартаад байхгүй.
Энэ нийтлэлийг бичих болсон шалтгаан нь миний амьдардаг хороололд машины дулаан зогсоол картаар онгойж хаагддаг, зогсоолтой хүн бүр өөр өөрийн зогсоолын дугаарыг бичсэн карттай, хэрвээ зогсоолын мөнгийг төлөхгүй бол СӨХ-с картыг нь түр хугацаанд хаадаг тиймэрхүү зохицуулалттай газар байлаа. Миний хувьд нямбай хүн биш болохоор картаа энд тэнд мартана, олох гэж хайна асуудал их гарна. Картаа ажил дээрээ мартсан тохиолдолд машинаа гаргах гэж хүн хүлээнэ, танихгүй хүмүүсээс гараж онгойлгож өгөхийг гуйна гээд асуудал гарна. Ахин нэг шинэ карт авахаар СӨХ рүү хүсэлт гаргаж болох ч үнэтэй /10000/ бас гээгдээгүй байхад ахин олгох нь эргэлзээтэй мөн шинэ картыг маань инженер нь хэзээ уншигч машинд бүртгэж өгөх бол гээд ер нь бүтэхгүй шинжтэй.
Үүнээс урган дээр үед уншиж байсан хувилах боломжийн талаар бас өөрөө хувилагч хийж хувилж авах талаар бодлоо. Товчхондоо карт хувилагч машин хийхээр болсон түүх иймэрхүү.
Энэ RFID таг нь өөрөө хэзээ ч давтагдахгүй ID дугаартай /96 bit 263/ байхаар төлөвлөж үйлдвэрлэж эхэлсэн ба үнэ болон хэрэглэхэд хялбар зэргээс нь болоод хэрэглээнд дорхноо нэвтэрч тэр байтугай RFID гадаад пасспорт /1998 онд малайзад анх/, банкны карт, гэрлүүгээ орох цоож хүртэл RFID тагтай болсон байна. Гэтэл үүнийг дагаад мөнгө хувилж болох талаар судлан 2004 оны үед spychip гэдэг зүйлийг гаргаад авсан байна. Энэ чип нь өөр дээр нь өөр төрлийн картын мэдээллийг бичиж болдог болсон нэг төрлийн RFID карт юм. Энэ нь хакеруудад гар аргын карт хувилагчыг хийх сэдлийг төрүүлсэн. Тэгээд хүмүүсийн картуудыг алсаас уншиж аваад spychip дээрээ бичээд хувилж эхэлсэн нь энэ технологыг юунд ашиглах вэ юунд ашиглаж болохгүй вэ гэдгийг ахин бодолцоход хүргэсэн байна. Доорхи зурагт хэрхэн картын ID мэдээллийг хулгайлж байгаа тухай үзүүлсэн ба хакер нь өөрийн хийсэн уншигчийг цүнхэндээ хийн аль болох тэр хүнийхээ карт байж болох талд ойрхон зогсох юм.
Тэр цагаас хойш арай үнэтэй хамгаалалтын шийдлүүд ч гарч ирсэн ба үүгээр зогсохгүй RFID картыг тань гаднаас уншигдахаас хамгаалах түрийвчүүд ч гарч ирсэн. Та эндээс сонирхож худалдан авч болно.
За тэгээд карт хувилагчаа Arduino board ашиглан хийхээр шийдсэн. Хувилагч хийхэд надаас дунджаар наян мянган төгрөгний биет зардал гарсан ба үүнд:
- Arduino nano Board/дурын arduino/
- RFID уншигч модул MFRC522
- 3 өнгийн led гэрэл
- Breadboard
- Зөөврийн тэжээл буюу Powerbank
За тэгээд надтай адилхан асуудалтай хүмүүст тус болох басхүү үүгээр их биш ч гэсэн хэдэн төгрөг олох боломжтой болохыг мэдсэн дээ. Энэ бол яг л түлхүүр олшруулахтай ижил, мэдээж түлхүүр нь төмөр шүдтэй биш цахим кодтой. Янз бүрийн шалтгаанаар карт хувилуулахаар бол манайд хандаж болно шүү.
Жич: Грашийн түлхүүрийг бол хувилахгүй. Зар тавьсаны дараанаас СӨХ-өөс залгаж наад ажиллагаагаа зогсоо гэсэн. Кодыг энд хавсаргасангүй учир нь хэн нэгэн буруугаар ашиглах вий гэсэндээ болгоомжилсноос тэр.
За тэгээд бэлэн болсон хувилагч маань энд харагдаж байна
Сэтгэгдэл бичих